Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?
Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?
2022-02-17 14:35

Хүүхдийг усанд оруулахад зориулсан цинкэн эсвэл паалантай ванн байх хэрэгтэй. Нийтийн ванн дотор хүүхэд угаахыг хориглоно. Ийм зориулалтын ванн байхгүй тохиолдолд томхон түмпэн байж болно.

Хүүхдийг анх усанд оруулахын өмнө хэрвээ хүүхдийн хүй бүрэн гүйцэд эдгээгүй /цөглөөгүй/ бол өрхийн эмч болон сувилагчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Голдуу хүүхдийн хүй цөглөснөөс хойш 2-3 хоногийн дараа усанд оруулахыг зөвлөдөг.

Байр орон сууцанд байгаа нөхцөлд хүүхдийг шууд крантны усаар угааж болно. Харин худаг болон голын усаар угаах бол эхэлж буцалган ариутгах хэрэгтэй. Хүүхэд угаах усыг 37 хэм хүртэл халааж урьдчилан бэлдсэн марганецын уусмалаас ус руугаа дусаах замаар цайвар ягаан өнгөтэй болгон найруулна.

Марганецыг заавал урьдчилан найруулж уусмал хэлбэрээр бэлдсэн байх хэрэгтэй ба хуурайгаар нь шууд ус руу хийж найруулвал марганецын ширхэг ойр орчим унаж хүүхдийн арьсанд наалдан түлэх аюултайг санах хэрэгтэй. Усанд оруулж байгаа өрөөний дулаан 22-24 хэмээс багагүй байна. Нярайг угаах ванныг урьдчилан халуун усаар зайлж дахин буцалсан усаар нэг зайлах нь зохимжтой.

Хүүхдийг өдөр бүр усанд оруулж байх нь зөв. Усанд оруулах тохиромжтой цаг нь оройн хооллолт буюу унтахын өмнөх мээм хөхөлтөөс өмнөхөн байна. Усанд оруулах хугацаа нь 5-7 минут байх ба долоо хоногт хоёр удаа савангаар угааж бусад үед нь цэвэр усаар угаана.

Угаахдаа ямар нэг бие угаагч, үрэгч хэрэглэхийг хориглох ба энэ нь нярайн арьсыг гэмтээх аюултай. Хүүхдийг угаахдаа ус руу аажмаар хөлийг нь дүрж гулсуулах маягаар алгуур бүх биеийг норгоно. Ингэхдээ нэг гар дээрээ хүүхдийн цээж толгойн хэсгийг тавьж цээжин биендээ наалдуулан түших маягаар нөгөө гараараа бөгсөн хэсгийг барьж доошлуулах маягаар ус руу аажмаар оруулна.

Ус руу оруулсаны дараа баруун буюу чөлөөтэй байгаа гараараа хүүхдийн биеийг зөөлөн илэх маягаар угаана. Усанд орж дууссаны дараа хүүхдийг 36-37 хэмийн дулаантай цэвэр усаар булхан зайлна. Дараа нь хуурай алчуураар маш зөөлөн илж арчих бөгөөд суга, цавь зэрэг нугалаастай хэсгийг хуурай болтол арчина.

Түүнээс гадна хүүхэд усанд оруулахад зориулсан /ванн дотор нь байрлуулдаг/ тавиур-вандан маягийн хэрэгсэл байдаг ба энэ нь усанд оруулж байх үед тулгуур түшиц болж өгдөг. Хэрвээ хүүхэд орой унтахын өмнө угаахад сэргэлэн цовоо, унтахгүй байвал өдөр унтахынх нь өмнө эсвэл өглөө усанд оруулж болно. 



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

TU shopping"TU" /Thank You/ онлайн дэлгүүр нь 2019 оны 10 дугаар сараас 0-3 хүртэлх насны хүүхдийн бүхий л хэрэгцээт хүүхдийн сүү тэжээл, живх, угж, аяга, таваг хэрэгсэл, өлгий, хувцас, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өхөөрдөм үрсээ харан суугаа ээж аавуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор гараас гарт түргэн шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Бид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хэрэглэгч харилцагч нартаа найдвартай, түргэн шуурхай хүргэлт хийж үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай компани болох зорилго тавин ажиллаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.